ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол улсад шинжлэх ухааны эмнэлэгт тулгуурласан эрүүл мэндийн албаны үүсэл, хөгжил, түүхэн замналыг:
 
    1921-1940 оны үе буюу БНМАУ-д орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж эхэлсэн үе,
    1941-1990 оны үе буюу Социалист эрүүлийг хамгаалах номлолоор замнасан үе,
    1991 оноос одоог хүртэлх үе буюу Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эрүүл мэндийн албаны хөгжил гэсэн гурван томхон үе болгон авч үзэж болох юм.
 
1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд хүн амаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламжид бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн нь нэн зоримог, алсын хараатай, зөв шийдэл байжээ. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг 1925 онд анх Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан яам болгон өргөтгөсөн байна.
 
Төв, орон нутагт шат дараалсан бүтэцтэй эмнэлгүүдийг байгуулах, шинжлэх ухааны эмнэлгийн мэдлэг бүхий мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их ажил өрнүүлсний үр дүнд 1940 он болоход үндэсний 12 их эмч, 159 бага эмч, эмийн тусгай дунд боловсролтой 38 мэргэжилтэн, 269 сувилагчтай болж, хөдөөд багийн бага эмчийн 157 салбар, аймаг, хотод 37 эмнэлэг ажиллах болсноос гадна 1923 оноос бага эмчийн болон сувилагчийн курсуудыг зохион байгуулж, улмаар 1934 онд Хүн эмнэлгийн техникум байгуулан эрүүл мэндийн үндэсний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн нь эрүүл мэндийн албаны шинэ үеийн эхлэл болжээ.
 
Энэ үеийн төгсгөл гэхэд бөөсний хижиг, цагаан цэцэг өвчин Монгол улсад бүртгэгдэхээ больж, хүн амын тоо жил тутам 0.2-0.5 хувиар өсч эхэлсэн нь хүн амын эрүүл мэндэд гарч эхэлсэн эерэг өөрчлөлтийн анхны дохио байлаа.
 
1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.
 
1989 оны төгсгөлд 10000 хүн амд 27.4 их эмч, тусгай дунд боловсролтой 87.3 мэргэжилтэн, 117.9 эмнэлгийн ор ногдох болсон нь 1940 оныхтой харьцуулахад 10000 хүн амд ногдох их эмч 18 дахин, дунд шатны мэргэжилтэн 2 дахин, эмнэлгийн орны тоо 5 дахин өссөн гэсэн хэрэг бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрсэн үзүүлэлтүүд байв.
 
Монгол улс тэр үеийн ЗСБНХОУ, ЗХУ-ын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах социалист хэвшинжийн тогтолцоог бий болгон хөгжүүлсэн 70 орчим жил нь Монголын хүн амыг эрүүлжүүлж, биологийн мөхлөөс аварсан боловч, уг тогтолцоо нь 1980-аад оноос нөөц бололцоогоо шавхаж, шинэ эрэл хайгуулыг эхлүүлсэн юм. Тиймээс БНМАУ-д 1990 оны 4 дүгээр сард байгуулагдсан олон намын тогтолцооны анхны Засгийн газар “… улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхсон захиргаадан тушаах арга барил, хэт төвлөрсөн удирдлага, төлөвлөлтийн хүнд сурталт механизм нь эрүүлийг хамгаалах салбарын ажилд ч нэн муугаар нөлөөлж, эмнэлэг-ариун цэврийн тусламжийн чанар, үйлчилгээний соёлын түвшин нь хүн амын өсөн нэмэгдэж буй шаардлагаас ихээхэн хоцорч, нийгмийн бухимдлын нэг шалтгаан болох болжээ…” хэмээн үзэж, “… Тус орныг төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаанд шилжих явцад нэг талаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, хамт олон, иргэн бүрээс эрүүл мэнддээ тавих анхаарал халамж, нөгөө талаас хүн амд үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний чанар, хүрэлцээ нь байнга боловсронгуй болон сайжирч байх нөхцөлийг хангасан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, эдийн засгийн механизмыг боловсруулан хэрэгжүүлэх замаар эрүүл монгол үндэстэн өсч хөгжих бололцоог бүрдүүлэхэд эрүүлийг хамгаалах албаны үйл ажиллагааг чиглүүлж, манай улсын иргэн бүрд тэдний оршин сууж байгаа газар, эрхэлж байгаа ажлын онцлогоос үл хамааран эмнэлгийн тусламжийг жигд, хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд үзүүлж чадах монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй систем бий болгохыг зорино.
НИЙТЭЛСЭН: 2017-08-16 04:42:58