Энэ удаад ч мөн адил хамт олондоо нэр хүндтэй, ажил мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сувилагч Б.Батхишигийг онцолж хур бороо тэгширсэн энэ сайхан өдөр өргөө цагаан гэр гардууллаа.
Б.Батхишиг нь 2020 онд Батноров сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орж улмаар 2022 оноос ахлах сувилагчаар ажиллаж байна. Тэднийх ам бүл 9-үүлээ бөгөөд аав, ээж, 6 дүү, 2 хүүхдийн хамт өнөр өтгөн амьдардаг. Тэрээр мэргэжил ур чадвараа дээшлүүлэхэд байнга анхаарч 2021 онд хүүхдийн сувилахуй, 2022 онд мэдээгүйжүүлэлт, эрчим эмчилгээний сувилахуйн курсийг тус тус төгссөнөөс гадна одоо Эрүүл мэндийн бодлого Удирдлагын магистраар суралцаж байна. Мөн үндэсний хэмжээний “Сувилагч” реалити шоунд аймаг орон нутгаа төлөөлөн оролцож 1600 гаруй сувилагчдаас шилдэг 14 -т шалгарчээ. Б.Батхишиг нь мэдлэг ур чадвараа бусдыгаа манлайлан ажилладгаас гадна харилцаа хандлага сайтай, ажилдаа чин сэтгэл зүрхээ зориулан ажилдаг талаар баг хамт олныхон нь ам сайтай байж нүдээ олсон шагнал боллоо хэмээсэн юм.
Дашрамд сонирхуулахад сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх замаар нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор аймгийн хэмжээнд анх удаа “шилдэг сувилагч” уралдааныг зарлаад байна. Тус уралдаанд шалгарсан 20 сувилагчид 500,000-25,0 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.

