АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ СУВИЛАГЧ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ СУВИЛАГЧ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО✅✅✅
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор анх удаа Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарт ажилладаг бүхий л сувилагчдын дунд зарласан.
Уралдаан гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд шилдгийн шилдэг 1 сувилагчид байрны урьдчилгаа төлбөрт 25 сая төгрөгийн дэмжлэг, дэд байр эзэлсэн нэг сувилагчид 10 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн нэг сувилагчид 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг тус тус үзүүлэх юм. Мөн Гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн ч шагналт байр эзлээгүй 17 сувилагчид 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
Тус уралдааны шалгаруулалтыг III үе шатаар зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тодруулбал нийт 26 сувилагч оролцсоноос 20 сувилагч нь тавигдах шаардлагыг хангасан тул дараагийн шатанд оролцож, цахим хуудсаар дамжуулан иргэдийн үнэлгээг авсан юм. Харин тэмцээний төгсгөлийн шатанд сувилахуйн тусламж үйлчилгээний “MNS 4621:2008” түгээмэл үйлдлийн стандартыг технологийн дагуу гүйцэтгэх ур чадвараар үнэлж, эхний 3 байрыг шалгарууллаа.
Үүнд тэргүүн байранд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн Ахлах сувилагч Д.Өлзиймаа, дэд байранд Батноров сумын Эрүүл мэндийн төвийн Ахлах сувилагч Б.Батхишиг, 3 дугаар байранд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасгийн сувилагч П.Мөнхзул нар шалгарчээ.
Ур чадварын тэмцээнийг шударга явуулах зорилгоор АШУҮИС, УНТЭ, Монголын дотрын нийгэмлэгийн багш нарыг урьж шалгаруулалтыг явуулжээ. Тухайлбал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжил дээшлүүлэх инстутын ахлах мэргэжилтэн, сувилахуйн ухааны Доктрант, Монгол Улсын Зөвлөх зэрэгтэй, үндэсний сургагч багш Д.Энхтуяа, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн сургалт аргазүйн төвийн ахлах сувилагч, магистрант, тэргүүлэх зэрэгтэй, гамшгийн үеийн яаралтай тусламжийн үндэсний сургагч багш Д.Дуламсүрэн, Монголын дотрын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, Сувилахуйн ухааны магистрант, Монгол Улсын зөвлөх зэрэгтэй олон улсын сургагч багш П.Наранцэцэг нар ажилласан байна.
Тэмцээний шагналыг ирэх 8 дугаар сард болох эмнэлгийн ажилтны баяраар гардуулна. Тэмцээнд оролцсон нийт сувилагч нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

НИЙТЭЛСЭН: 2023-07-06 09:51:13