АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭЛЕКТРОН МЭС ЗАСЛЫН ОР ГАРДУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нарын хүмүүс Нэгдсэн эмнэлэгт электрон мэс заслын ор гардуулан өглөө.

Энэхүү бүтээгдэхүүн нь толгой, мөр, өвдөг, цээж, хэвлийн хөндийн болон эмэгтэйчүүд, хийсвэр хагалгаа, бөөр, чих хамар хоолой болон үе мөчний хагалгаанд тохиромжтой аж. Орыг өргөх, буулгах, хажуу тийш хэлбийлгэх, хазайлгах, нурууны хэсгийг өргөх зэрэг олон үйлдлийг удирдлагын тусламжтайгаар хийх боломжтой бөгөөд тус орыг 9,8 сая төгрөгөөр аймаг, сумын удирдлагууд, Эрүүл мэндийн газартай хамтран шийдвэрлэж өгчээ. ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг жилд 1200-1300 хагалгаа буюу мэс засал хийдэг. Өнөөдрийн байдлаар байдлаар 1071 хагалгаа, хүүхдийн хагалгаа 152 удаа хийгдсэн байна. Орчин үеийн электрон тоног төхөөрөмжтэй болсноор мэс ажилбар хийхэд илүү шуурхай, ажил хөнгөвчилнө гэлээ.

Харин аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Яг нэг жилийн өмнө 21 аймгаасаа анх удаа хамгийн сүүлийн үеийн компьютер томографын аппараттай болж байсныг онцлоод, Нэгдсэн эмнэлэгт дижитал рентген аппарат, тархины цахилгаан бичлэг, өвчтөний мэдээллийн монитор, 3D эхо, мобайл технологи, зүрхний бичлэг, нярайн экватор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн. Та бүхэн эрүүлийг хамгаалах үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлээрэй” хэмээлээ. Хуучин орыг 1999 оноос нааш 21 дэх жилдээ ашиглаж байжээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-25 13:57:00