ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Улсын хэмжээнд “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж байгаа ба орон нутагт тус аяны нээлтийг аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 3 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагт хийлээ.

Дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж байгаа ба энэ нь нийт нас баралтын 74%-ийг эзэлж байна.

Урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд нийт нас баралтын тоо 52 сая-д хүрэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолж гаргаад байна.

Халдварт бус өвчнийг үүсгэж буй анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт зэрэг завсрын эрсдэлт хүчин зүйлсийг бий болгож улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг байна.

“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нээж нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анаагах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Шүүхийн шинжилгээний алба, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож иргэдийн биеийн жин, өндөрийг хэмжин биеийн жингийн индек (БЖИ)-г тодорхойлон тухайн хүнд байвал зохих жинг БЖИ-н хүснэгтээр тайлбарлаж, бууруулах ёстой илүүдэл жинг тооцоолон өгч идэвхитэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг өгч, бэлтгэсэн гарын авлагуудыг сурталчилан тарааж ажиллалаа.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэдэд “Мөнхийн хайрын урсгал” ТББ-ын Л.Арвинжаргал багш бие сэргээх, сунгалтын болон идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зааж хийлгэлээ. БҮХ НИЙТЭЭРЭЭ “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ”
