Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “ШИЛДЭГ СУВИЛАГЧ” шалгаруулах уралдааныг анх удаа 18 сум, 5 тосгодын эрүүл мэндийн салбарын сувилагчдын дунд зарлан, тус уралдаанд шалгарсан шилдэг 20 сувилагчийн шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, засаг даргын орлогч Л.Батсайхан, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нар гардуулан өглөө. Тодруулбал уралдааны нэгдүгээр байранд НЭ-ийн дотрын тасгийн ахлах сувилагч Д.Өлзиймаа шалгарч байрны урьдчилгаа төлбөр болох 25 сая төгрөгийн дэмжлэг хүртсэн бол хоёрдугаар байрыг Батноров сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Б.Батхишиг эзэлж 10 сая төгрөг, гуравдугаар байрыг Бор-Өндөр сумын НЭ-ийн хүүхэд нярайн тасгийн сувилагч П. Мөнхзул хүртэж 5 сая төгрөгийн эзэн боллоо. Харин бусад 17 оролцогчдод тус бүр 500.000 мянган төгрөг, өргөмжлөлийг олгосон бол тус арга хэмжээний хүрээнд Монголын дотрын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн П.Наранцэцэг нь тус тэмцээний 4.5 дугаар байрт орсон 2 сувилагчдад нийгэмлэгийн зүгээс тус бүр 500.000 төгрөгийн мөнгөн урамшуулал батламжийг гардууллаа.