Хүний папиллома вирус (ХПВ) гэж юу вэ? Энэхүү вирус нь маш жижиг ДНХ агуулсан вирус хэмээн судлаачид, эмч мэргэжилтнүүд судалж тогтоожээ. Тодруулбал, мэдэгдэж буй 200 гаруй хэв шинжээс 6,11,16,18 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх мөн бусад хорт хавдарыг бий болгох хоруу чанар ихтэй тул энэхүү вирусын халдварыг вакцинаар дархлаажуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, НЭМТ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-тэй хамтран хоёр өдрийн сургалтыг аймгийн төвд зохион байгуулж байна. Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинаторууд мөн 23 сумын ЕБС-ийн захирал, сургуулийн эмч нийгмийн ажилтан нар хамрагдаж байна. Манай аймгийн хувьд дархлаажуулалтыг 11-дүгээр сарын 25-наас эхлүүлэхээр ийнхүү бэлтгэл бэлэн байдлаа хангаж байна. Хүний папиллома вирус (ХПВ)-ын эсрэг вакциныг хэнд хийх вэ? Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор батлагдсан "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол"-ын дагуу урьдчилан сэргийлэх вакцинд 11 настай охид хөвгүүдийг 1 тунгаар дархлаажуулна. Энэ нь 2013 оны 01-р сарын 01-ээс 2013 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн бүх хүүхэд хамрагдах юм. Яагаад 11 насны хүүхдүүдэд хийх вэ? Өсвөр насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй байдаг тухай судалгаанд үндэслэж мөн11 настай охид хөвгүүдийг дархлаажуулахад үүсэх эсрэгбиеийн түвшин түүнээс дээш насныхантай харьцуулахад өндөр байдаг тул 11 насыг сонгож дархлаажуулахаар үндэсний товлолд өөрчлөлт оруулсан байна.